Энэхүү 7 өдрийн уулын дугуй болон каяак хосолсон аялал нь Хан хэнтийн дархан цаазат газрын ер бусын үзэсгэлэнт, түүх дурсгалын өлгий нутгаар 630км аялах болно.
Түүхийн товчоон:
Гүнжийн сүм нь: Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан. Хар зүрхний Хөх нуур нь: Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 м өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ.
Балданбэрээвэн хийд нь: Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт Балданбэрээвэн хийдийг анх 1777онд байгуулжээ. Хангал нуур нь: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хурхын гол ба түүний цутгал Жаргалант гол хоёрын хооронд оршдог мөстлөгийн гаралтай нуур юм. Урт нь 2км, өргөн нь 500-1200м, талбай нь 1.5 км.кв. Усны тунгалагшилт 1.6 м хүртэл, хамгийн гүн нь хойд хэсэгт 2.3 м хүрнэ. Нуурын өмнөд хэсэгт сэтэрч үүссэн жижиг ховилоор горхи урсан гарч Жаргалантын голд цутгадаг учраас Хангал нуур нь урсгал нуур болно.